Иргэдийн хэлснээр хонины махны үнэ нэг жилийн хугацаанд 10 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн цул мах нэг кг нь 40 мянган төгрөгт хүрсэн. Хүнсний ногоо, гурил, будаа гээд өргөн хэрэглээний бүхий л бүтээгдэхүүн зогсолтгүй өсөх болсон нь иргэдийн амьжиргаанд давхар дарамт болж байгааг ч хэллээ.
Сүхбаатарын талбайн баруун, зүүн талд автомашинууд цувран зогсож, жолооч нар машинаасаа бууж, хөдөлгөөнгүй зогсон эсэргүүцлээ илэрхийлж байна. Зарим жолооч автомашиныхаа дуут дохиог дуугарган бухимдлаа илэрхийлж байлаа. Талбайд зөвхөн жолооч бус оюутан залуус, ахмад настан зэрэг нас насны төлөөлөл цуглажээ.
Жагсаалд оролцож буй иргэдийн байр суурь ч харилцан адилгүй байв. Тэдний бухимдалд шатахуунаас гадна татвар, хүнс, цахилгаан, дулаан, усны үнэ, өрхийн орлого болон төрийн зарцуулалттай холбоотой асуудлууд хөндөгдөж байлаа.
Жагсагчдын төлөөлөл “Би 10 цагийн үед ирсэн. Ард түмэн татварын дарамтад байна. Монголд амьдрах боломж улам хүнд болж байна. Улсын бүх шийдвэрийг УИХ гаргаж, төсвийг УИХ баталдаг.
Иргэд үнэхээр бухимдаж байна. Энэ жагсаал ямар нэгэн захиалгатай зүйл биш. Иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн учраас эвлэлдэн нэгдэж жагсаж байна.
Би өвчтэй ч гэсэн өөрийн итгэл үнэмшлээрээ гарч ирсэн. Ажил хийгээд хийгээд амьдрал дээшлэхгүй байна. Өнөөдөр ус, цахилгаан, дулаан, хүнсний үнэ ямар болсныг хүн бүр мэдэж байгаа. Шатахуун хаана байна. Үдшийн бүрийн тасартал ажиллаад ч амьдрахад хүнд байна” гэв.
Харин өөр нэг иргэн цахим орчноос жагсаалын талаар мэдээлэл авч, өнөөдөр талбайд ирсэн гэдгээ хэлээд “Залуучуудыг битгий харлуулаад бай. Өнөөдөр Монголд сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хэнээс мөнгө авч энд жагсах юм бэ. Машинтай, машингүй бүх залуучууд гарч ирээд жагсмаар байна. Энэ өвөл хэцүүднэ. Ахмадуудынхаа тэтгэврийг нэммээр байна. Идэж уухаа больмоор байна” гэв.
Мөн жагсагчдын төлөөлөл машинтай жагсаал болох талаар цахим орчноос мэдээлэл авч ирсэн гэдгээ хэлээд шатахууны хомсдолыг олон улсын нөхцөл байдалтай холбон ойлгож болох ч өнөөгийн нөхцөл байдлыг бүхэлд нь зөвтгөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хомсдол үүссэнийг ойлгоно. Гэхдээ тусгаар улс байж өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Нийгмийн амьдрал хүнд, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад иргэдийн амьдралд улам дарамт болж татвар, татаасыг нэмэх асуудал яригдаж байна. Дотоодын нефтийн үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй.
Төр үргүй зардлаа багасгах шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ нөхцөл байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуудал байна. Хүмүүсийн орлого тасарч байна.
Ганц шатахууны асуудал яригдаад байгаа юм биш. Нийгмийн бүх асуудал үүнд хамаарч байна” гэв.
Өнөөдрийн жагсаалд оролцогчдын хувьд шатахууны хомсдол нь бухимдлын нэг шалтгаан боловч түүнээс гадна амьжиргааны өртөг, өрхийн орлого, татвар, төрийн зардал зэрэг олон асуудлыг давхар хөндөж байлаа.




2 сэтгэгдэл
Зочин-3450
hi all
Зочин-1493
ООО