Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя

Халуун сэдэв

2 мин уншихҮзсэн:2

Саудын Арабт халдлага нэмэгдэж, газрын тосны үнэ өсөв

Нийтлэгч,Б Ариунаа

Саудын Арабт халдлага нэмэгдэж, газрын тосны үнэ өсөв

Йемений хуситууд Саудын Арабын нисэх буудал болон газрын тосны дэд бүтцэд халдлага үйлдсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, үнэ огцом өсжээ. Аравдугаар сарын 22-нд Brent төрлийн газрын тосны үнэ 4 орчим хувиар өсөж, баррель нь 113.17 ам.долларт хүрсэн нь таван сарын дээд үзүүлэлт болов. Харин аравдугаар сарын 23-ны Азийн арилжаагаар үнэ бага зэрэг буурч, баррель нь 112.96 ам.доллар болжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын 21-нд Саудын Арабын Даммам хотын иргэний нисэх буудалд болсон халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна. Мөн газрын тосны ордод дроноор халдсаны улмаас хоёр хүн амиа алджээ. Үүний дараа Саудын Арабын төрийн өмчит газрын тосны томоохон компани Saudi Aramco ажилтнуудаа Дахран хот дахь төв байрнаасаа нүүлгэн, зайнаас ажиллах чиглэл өгсөн байна.

Йемений хуситууд Ираны дэмжлэгтэй бүлэглэл бөгөөд өмнө нь Саудын Араб болон бүс нутгийн бусад улсын эсрэг удаа дараа халдлага үйлдэж байсан юм. Энэ удаагийн хурцадмал байдал нь Улаан тэнгисийн Баб-эль-Мандебийн хоолой болон Персийн булангаас газрын тос тээвэрлэх замд учрах аюулыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн АНУ Ойрх Дорнод дахь зарим дипломат ажилтан, тэдний гэр бүлийнхнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар болжээ.

Газрын тосны үнэ өсөхөд зөвхөн халдлагын улмаас нийлүүлэлт буурах эрсдэл бус, тээвэрлэлтийн саатал болон бүс нутгийн мөргөлдөөн цааш даамжрах болгоомжлол нөлөөлж байна. Ойрх Дорнодын газрын тосны экспорт өмнөх долоо хоногт өдөрт 17 сая баррельд хүрсэн ч зах зээл нийлүүлэлт цаашид тогтвортой үргэлжлэх эсэхэд эргэлзэж байгаа аж. Хэрэв халдлага эрчимжиж, газрын тос тээвэрлэх замууд хаагдах эсвэл саатах юм бол үнэ дахин өсөх эрсдэлтэй.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах

Энэ мэдээ танд ямар санагдав?

0 сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.